Гол нүүр  > Хүн амын орлогын албан татвар
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Хүн амын орлогын албан татвар

Administration Department of Mongolian Parliament

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ


1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот


1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүн амын орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүн амын орлогын албан татварын хууль тогтоомж
Хүн амын орлогын албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гарсан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Албан татвар төлөгч
1. Монгол Улсын иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн /цаашид "иргэн" гэх/, харъяалалгүй хүн, Монгол Улсад орлого олж байгаа Монгол Улсад оршин суугч бус этгээд албан татвар төлөгч байна.
2. Монгол Улсад татварын жилийн аль ч үед хэвийн ажиллах байртай, татварын жилд эхэлсэн буюу дууссан аливаа 12 сарын хугацаанд 183 хоног, түүнээс дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэн, харъяалалгүй хүн, гадаадад томилогдон сууж байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч гэнэ. Байнга оршин суугч татвар төлөгч нь Монгол Улсад болон гадаадад олсон орлогоосоо албан татвар төлнө.
3. Монгол Улсад 183 хоногоос доош хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн болон харъяалалгүй хүнийг түр оршин суугч татвар төлөгч гэнэ.
4. Байнга болон түр оршин суугчаас бусад татвар төлөгчийг Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгч гэнэ. Түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгч нь Монгол Улсад олсон орлогоосоо албан татвар төлнө.
5.Үндэсний татварын алба татвар төлөгчийг дараах журмаар бүртгэнэ:
1/ байнга буюу түр оршин суугч татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авна;
2/ татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авахдаа бүртгэлийн маягт авч бөглөнө;
3/ татварын алба нь татвар төлөгчийн дугаар бүхий гэрчилгээг татвар төлөгчид олгоно. Бүртгэлийн маягт, татвар төлөгчийн гэрчилгээний загварыг Үндэсний татварын ерөнхий газар батална;
4/ аж ахуйн нэгж, байгууллага нь иргэнд орлого олгох бүрдээ түүний татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, иргэн бүрт олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан татварын хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж мэдэгдэнэ. /Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны хуулиар өөрчлөн найруулсан/.

4 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлого
1. Албан татвар төлөгчийн жилд олсон дараахь орлогод албан татвар ногдоно:
1/ цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого:
а/ аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажлын хэлбэрээр ажиллаж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл тэтгэмж, адилтгах бусад орлого;
б/ үндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, адилгах бусад орлого;
в/ тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмж;
2/ Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны хуулиар хассан/.
3/ аж ахуй эрхэлсний орлого;
4/ хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлого;
5/ хөрөнгийн хөдлөл, эрхийн орлого:
а/ үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого, адилтгах бусад орлого;
б/ хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого;
в/хөрөнгө түрээслүүлсний орлого,адилтгах бусад орлого;
г/ эрхийн шимтгэлийн орлого /зохиогчийн эрх, программ хангамж, патент, зураг төсөл, загвар, барааны тэмдэг, ноу-хау болон кино, видеобичлэг, аудиобичлэг, бусад төрлийн бичлэг ашигласны буюу ашиглах эрх эдэлсний төлбөр гэх мэт/;
д/ зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого.
6/шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого;
7/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал;
8/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого
9/ энэ хуульд албан татвараас чөлөөлөхөөр зааснаас бусад орлого.
2. Албан татвар ногдох орлогод мөнгөн /үндэсний болон гадаад валютаар/ болон биет хэлбэрээр олсон зүйлийг оруулна. Биет хэлбэрээр олсон зүйлийг тухайн орон нутаг /аймаг, нийслэл/-ийн биржийн дундаж үнээр үнэлнэ. Гадаад валютаар олсон орлогыг төгрөгт шилжүүлэхдээ уг валютыг банкинд худалдах тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон ханшийг үндэслэнэ.

5 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
Албан татвар ногдуулах орлогыг дараахь байдлаар тодорхойлно:
1/ цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг:
а/ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "а"-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр;
б/ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "б"-д заасан орлогын нийлбэр дүнгээр;
в/ тэтгэвэр, тэтгэврийн нэмэгдэл, тэтгэмжийн дүнгээр;
г/ гэр бүлээрээ буюу хамтарч гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн нөхцөлд иргэн тус бүрт ногдох орлогыг өөрсдийнх нь тодорхойлсноор, хэрэв ингэж тодорхойлох боломжгүй бол гэрээнд оролцогчдын тоонд хуваасан дүнгээр;
2/ аж ахуй эрхлэгчийн орлогыг:
а/ /Энэ заалтыг 1997.4.17-ны өдрийн хуулиар хассан./
б/ аж ахуй эрхэлж олсон нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардал /түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан зүйл, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зардал, түрээсийн болон банкны зээлийн хүүгийн төлбөр, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс, томилолтын зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл/, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, онцгой албан татвар, байгалийн нөөц ашигласны хураамж, төлбөрийг хассан зөрүүгээр.
Гэр бүлийн гишүүдэд олгосон хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн хэмжээтэй хувь тэнцүүлэн бодож зардалд тооцно.
Аж ахуй эрхлэгч нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс өөрийн болон гэрийн бүлийн хэрэгцээнд зориулсан байвал тэдгээрийг зардалд тооцохгүй;
в/ гахай, шувуу, туулай, зөгийн аж ахуй, тэдгээртэй адилтгах аж ахуй, газар тариалангийн болон хувиараа бусад үйлдвэрлэл эрхлэгч нь албан татвар ногдуулах орлогоо энэ зүйлийн 2-ын "б"-д заасны дагуу өөрөө тодорхойлно.
Албан татвар ногдуулах орлогоо тодорхойлоогүй буюу тодорхойлох боломжгүй бол албан татвар ногдуулах орлогыг байгаль, цаг уур, зах зээлийн нөхцөл, ижил үйлдвэрлэгчтэй харьцуулсан жишгээр татварын алба тодорхойлно.
3/ хөрөнгийн хөдлөл, эрхийн орлогыг:
а/ үл хөдлөх хөрөнгө худалдсанаас олсон орлогын дүнгээр;
б/ 1997.4.17-ны хуулиар "б" заалтыг хассан./
в/ хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос хөрөнгө түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр;
г/ хувьцааны ногдол ашгийн дүнгээр, хувь хүртэгчид ногдсон орлогын дүнгээр;
д/ зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогын дүнгээр;
е/ эрхийн шимтгэлийн орлогын дүнгээр.
4/ хувиараа бараа, материал, түүхий эд бэлтгэж борлуулсны орлогыг нийт орлогоос баримтаар нотлогдож буй зардлыг хассан зөрүүгээр;
5/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал болон түүнтэй адилтгах орлогын дүнгээр;
6/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогын дүнгээр;
7/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогын дүнгээр;
8/ бусад орлогын дүнгээр.

6 дугаар зүйл. Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын тоог тодорхойлох
Хувийн мал бүхий иргэний албан татвар ногдуулах малын толгойн тоог хонин толгойд шилжүүлэн тодорхойлно. Татварын тооцоонд үхэр, адуу, тэмээ тус бүрийг 5 хонь, 1 ямааг 1.5 хонь гэж тооцно. Төсвийн жилд орлогын албан татвар ногдуулах малын тоог тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон малын тоог үндэс болгоно. /2000 оны 11 дүгээр сарын 17-ны хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Албан татварын хэмжээ
1.Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогын жилийн дүнд дараахь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна:
Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хувь, хэмжээ
0-2400000 10 хувь
2400001-4800000 240000 төгрөг дээр 2400000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ
4800001, түүнээс дээш 720000 төгрөг дээр 4800000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 40 хувийг нэмнэ
/ Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
2. /Үндсэн хуулийн Цэцийн 1993.3.13-ны өдрийн 2 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3. Гадаадад ажиллаж байгаа Монгол Улсын иргэний төрөөс авдаг цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах татварын хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоож байна.
4. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчид татвар ногдуулах журмыг Засгийн газрын өргөн мэлүүлснээр Улсын Их Хурал тогтоож байна. /2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5. Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд олгосон дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ:
а/ Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн "б"-д заасан орлогыг олгохдоо 10 хувиар;
б/ бараа, материал, түүхий эд худалдаж авахдаа үнийн дүнгийн 3 хувиар; Энэ заалт нь түүхий ноос, ноолуур, арьс ширэнд хамаарахгүй. /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар орсон нэмэлтийг тусгав./
Аж ахуйн нэгж, байгууллага суутгасан албан татварыг төсөвт шилжүүлж, энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна;

8 дугаар зүйл. Албан татварын тусгайлан ногдуулах хувь, хэмжээ
Албан татварыг дараахь хувь, хэмжээгээр тусгайлан ногдуулна:
1/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал болон адилтгах бусад шагналын 5000000 хүртэлх төгрөгийн орлогод 5 хувиар, 5000001, түүнээс дээш төгрөгийн орлогод 10 хувиар; /Энэ заалтыг 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/ Энэ заалтыг 1997.4.17-ны хуулиар хүчингүй болсонд тооцов.]
3/ үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын дүнд 2 хувиар;
4/ хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлогод 15 хувиар, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогод 15 хувиар;
5/энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон хонин толгой тутамд дор дурдсан хэмжээгээр татвар ногдуулна:
Аймаг, нийслэл Татварын хэмжээ /төгрөг/
Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Улаанбаатар, Орхон 100
Архангай, Баянхонгор, Булган, Говь-сүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий 75
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан 50
/2000 оны 11 дүгээр сарын 17-ны хуулиар нэмсэн/
6/ бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлогод 10 хувиар;
7/ урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлогод 10 хувиар;
8/ эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
9/ гадаад оронд эмнэлэг болон урлаг, уран сайхан, эрдэм шинжилгээ, сурталчилгаа зэрэг оюуны үйлчилгээ явуулсан иргэний уг орлогод Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол 10 хувиар;
10/ Монгол Улсад байнга оршин суугч нь татвар төлөгчийн дугаараа орлого олгогчид тэмдэглүүлээгүй бол түүний энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 болон 7 дугаар зүйлийн 5-д заасан орлогод энэ хуулийн 81 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулна.
81 дүгээр зүйл. Түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн орлогод албан татвар ногдуулах хувь, хэмжээ
Монгол Улсад түр оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн энэ хуулийн 8 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.
Энэ нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 9 дэх заалтад хамаарахгүй.

9 дүгээр зүйл. Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх
1. Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:
1/ Энэ заалтыг 1997.4.17-ны өдрийн хуулиар хассан.
2/ Хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгийн шагнал, ардын хувьсгалын партизаны тэтгэвэр, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцогчдод олгох тэтгэмж, хүүхдийн тэтгэлгийн орлого; /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
3/Монгол Улсын төрийн болон нэрэмжит шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын буюу гавьяат цолтны шагнал, нээлтийн шагнал, донорт болон эхийн сүүнд олгож буй нөхөн олговор, томилолтоор ажиллах хугацааны зам хоногийн зардалд олгосон мөнгө;
4/ даатгалын нөхцөлөөр олгож буй хохирол нөхсөний орлого; /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав./
5/ Засгийн газрын зээллэгийн нөхөн олговор болон хүүгийн орлого;
6/ хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, дүрэмт хувцас, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн өртөг, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас Засгийн газрын болон орон нутгийн байгууллага, улаан загалмайн нийгэмлэг, гадаад орнуудаас иргэдэд үзүүлж буй тусламж;
7/мал бүхий өрхийн гишүүн бүрт хонин толгойд шилжүүлснээр 20 бог. Тухайн жилд албан татвар ногдуулах мал нь байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гоц халдварт өвчний улмаас хорогдсон бол зохих баримтыг үндэслэн татвар ногдуулах нийт малын тооноос хасч тооцно. /2000 оны 11 дүгээр сарын 17-ны хуулиар нэмсэн/
8/ Энэ заалтыг Монгол Улсын 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9/ Энэ заалтыг Монгол Улсын 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
10/ Монгол Улс дахь дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэний орлого; /Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар орсон нэмэлтийг тусгав./
11/энэ хэсгийн 10 дахь заалтад заасан ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийн гадаад дахь эх үүсвэрээс олсон орлого;
12/ иргэд өөрсдийн орлого болон банкнаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, худалдан авахад зориулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг зөвхөн тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ;
13/ их, дээд болон тусгай мэргэжлийн сургуульд суралцагч хүүхдийн сургалтын төлбөрийн төлсөн дүнг дотоодын тухайн мэргэжлийн сургуулийн сургалтын төлбөрийн жишгээр бодон, иргэний тухайн жилийн татвар ногдох орлогоос хасч, хөнгөлөлт үзүүлнэ.
14/иргэдээс боловсролын сан, нийгэмд үйлчилдэг, улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад өргөсөн хандив. /Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны хуулиар нэмсэн/.
2. /Энэ хэсгийг 1997.4.17-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3. Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэт заасан орлогод ногдох жилийн татвараас 48000 төгрөгийн татварыг хөнгөлнө. /Энэ хэсэгт 2001оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4. Үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа Монгол Улсад байнга оршин суугчийн зөвхөн эдгээр үйлдвэрлэлээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

10 дугаар зүйл. Албан татвар ногдуулах, төсөвт төлөх
1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9 дэх заалт, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлогод 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр албан татвар ногдуулна.
Аж ахуйн нэгж, байгууллага нь иргэнд орлого шилжүүлэх бүрдээ албан татварыг тооцон суутган авч энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг иргэний цалин, хөдөлмөрийн хөлсөнд ногдох албан татварыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага сарын эцэст суутган авна. Энэ тухай жилийн эцэст болон татвар төлөгч шилжих бүрд орлого, татвар тодорхойлох хуудсанд нь тэмдэглэл хийж баталгаажуулна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлнэ.
Тухайн сард суутган авсан албан татварын хэмжээ нь 10000 төгрөгнөөс бага байвал суутган авсан уг албан татварыг дараа сарын албан татвартай нэгтгэн төсөвт шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрлөлт оруулсан./
2.Арилжааны банк иргэний хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.
/2, 3, 4 дэх хэсгийг 1997.4.17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар 2 дахь хэсгийг нэмсэн./
5. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгчийн шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлого, бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого, урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагнал олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 6, 7 дахь заалт болон 81 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
6. Хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлого, эрхийн шимтгэлийн орлого олгож байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн нь тухайн орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4, 8 дахь заалт болон 81 дүгээр зүйлд заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, 3 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
7. Албан татвар төлөгч дараахь орлогод албан татвар өөрөө ногдуулан дор дурдсан хугацаанд төлнө:
1/ Хувийн мал бүхий иргэн албан татвараа 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор хоёр хуваан төсөвт төлнө. Татварын алба татвар төлөгчтэй тохиролцсоноор албан татварыг урьдчилан төлүүлж болно.
Хувийн мал бүхий иргэн албан татвараа мал сүрэг нь байнга байгаа нутаг дэвсгэрийн орон нутгийн төсөвт төлнө;
2/ үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор;
3/ хөрөнгө түрээслүүлсний орлогод ногдох албан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор;
4/ Энэ заалтыг 1997.4.17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5/ аж ахуй эрхлэгч өөрийн орлогод энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь, хэмжээгээр улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний сарын 15-ны дотор төсөвт төлнө;
8.татвар төлөгч энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9, мөн хэсгийн 5 дахь заалтын "в"-д заасан орлого авдаг бол уг орлогод энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувиар албан татвар ногдуулан төлж, орлого, татвар тодорхойлох хуудсаар албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.

11 дүгээр зүйл. Албан татварын тайлан тушаах хугацаа
1. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана.
2. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь заалтад заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана.
3. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан орлого, татвар тодорхойлох хуудсыг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд тушаана.
4. Орлого, татварын тайлан болон орлого, татвар тодорхойлох хуудасны маягт, түүнийг хэрэглэх зааврыг Үндэсний татварын ерөнхий газар батална.
5. Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор гаргаж, харъяалагдах татварын албанд тушаана..
12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
1. Энэ хууль 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
2. Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "б","д"-д заасан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, адилтгах бусад орлогод энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувиар албан татвар ногдуулах заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                      Н.БАГАБАНДИ


/Энэ хуулинд 1992.12.29-ний өдрийн, 1993.3.13-ны өдрийн,1997.4.17-ны өдрийн, 1997.6.25-ны өдрийн, 1999.5.12-ны, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны, 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав./


Copyright © 2014 MP.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
If you are a human, do not fill in this field.
Үнэлэхийн тулд однууд дээр дарна уу
  

 

Discussion