Гол нүүр  >  Хуучин машин худалдан авахтай холбогдсон жагсаалт  > Хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг устгах журам
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл

Хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг устгах журам

Mongolian Customs General Administration

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ
ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ,
ТУШААЛ

 

1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр            Дугаар 29, 121, 80           Улаанбаатар хот

Журам батлах тухай

 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАН ТУШААХ нь:
 1.ІЭрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг устгах журамІ-ыг хавсралтын ёсоор баталж, 1999 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
 2.Хил, гааль, мэргэжлийн хяналтын албаны болон цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан спирт, согтууруулах ундааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, спирт, согтууруулах ундааны зүйлийг хураан авах, устгах талаар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол уг гэм буруутай хүнийг ажлаас нь холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу халж байсугай.
 3.Хил, гааль, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх болон мэргэжлийн хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдан шүүхийн шийдвэр гаралгүйгээр одоо бэлэн хадгалагдаж буй спирт, согтууруулах ундааны зүйлийг энэ тушаалаар тогтоосон журмын дагуу 1999 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор устгасугай.
 4.Энэхүү тушаалын биелэлтэд байнга хяналт тавьж, дүнг хагас жил тутам нэгтгэн танилцуулж байхыг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий прокурорын газрын  I газрын дарга нарт даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН

ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР                                                Н.ГАНБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН

ХУУЛЬ ЗҮЙН САЙД                                                                                               Л.ЦОГ

 

 

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын
Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдын  1999
 оны 29, 121, 80  дугаар  захирамж, тушаалын
                                                 хавсралт


ЭРҮҮГИЙН  ХЭРЭГ,  ЗАХИРГААНЫ   ЗӨРЧЛИЙН
УЛМААС ХУРААГДСАН СПИРТ, СОГТУУРУУЛАХ
УНДААНЫ ЗҮЙЛИЙГ УСТГАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

 1.Энэ журам нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1721, 1751 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан захиргааны зөрчлийн улмаас хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон захиргааны зөрчлийг илрүүлж шалгах шатанд устгахтай холбогдсон асуудлыг зохицуулна.
 2.Энэхүү журмын биелэлтэд тус тусын эрх хэмжээний хүрээнд бүх шатны Засаг дарга, шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, улсын хил хамгаалах болон гаалийн байгууллагын удирдлага болон мэргэжлийн хяналтын улсын албаны дарга нар хяналт тавьж ажиллана.
 3.Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас спирт, согтууруулах ундааны зүйлийг хураан авч устгах явцад холбогдох хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад Монгол Улсын Ерөнхий прокурор, аймаг, нийслэл, тээврийн болон сум буюу сум дундын, дүүргийн прокурор хяналт тавина.

Хоёр.Спирт, согтууруулах ундааны зүйлийг
хураан авч, устгах үндэслэл

 4.Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг дараах үндэслэлээр шууд хураан авна:

1/Улсын хилийн байцаан өнгөрүүлэх, Гаалийн байгууллагын хяналт шалгалт, бүрдүүлэлтийн явцад хил, гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, гаалийн бусад горимд байгаа спирт, согтууруулах ундааны зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн эсхүл хориглосон, хязгаарласан спирт, согтууруулах ундааны зүйлийг хил нэвтрүүлсэн бол:

 Тайлбар:

Энэхүү хууль бусаар хил нэвтрүүлэх гэдэгт Дээд шүүхийн 1994 оны 180 дугаар тогтоолд зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомт, гарцгүй хэсгээр, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, гаалийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих, худал бичих зэрэг аргаар спирт, согтууруулах ундааны зүйлийг хил, гаалийн үзлэг шалгалтад хамруулахгүйгээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэл хамаарна.

Хориглосон гэдэгт: Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр гаргах, оруулахыг, зөвхөн гаргахыг буюу оруулахыг /УИХ-ын ¹ 11 тогтоол зөвхөн үүнд хамаарна/, дамжин өнгөрүүлэхийг хориглосон спирт, согтууруулах ундааны зүйлийг ойлгоно. 

Хязгаарласан гэдэгт: Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр тодорхой болзол хангасан, эсхүл зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр улсын хилээр гаргах, оруулахаар эсхүл зөвхөн гаргахаар буюу оруулахаар заасан спирт, согтууруулах ундааны зүйлийг хэлнэ.
  2/худалдаа үйлчилгээнд хэрэглэж байгаа болон улсын хил, гаалийн үзлэг шалгалтад зохих журмын дагуу хамруулан оруулж ирсэн боловч уг спирт, согтууруулах ундааны зүйл нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болох нь мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан хяналт  шинжилгээгээр батлагдсан бол;
  3/спирт, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх талаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон журмыг гажуудуулсан, хэрэглэхийг хориглосон нэр төрлийн спирт, согтууруулах ундааг үйлдвэрлэсэн, худалдаа үйлчилгээнд гаргасан бол.

5.Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас дээр дурдсан үндэслэлээр хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг эзэнд нь буцааж өгөхгүйгээр энэ журамд заасны дагуу устгана. Тэгэхдээ тухайн этгээд уул спирт, согтууруулах ундааг хууль бусаар оруулж ирсэн буюу түүнийг үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх журмыг гажуудуулсан нь эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, захиргааны зөрчлийг шалгах явцад тогтоогдсон байвал зохино.
 6.Дээр дурдсан үндэслэлээр эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас спирт, согтууруулах ундааны зүйлийг илрүүлсэн байгууллага болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хил, гааль, эрүүл ахуй, халдвар судлалын улсын байцаагч болон  хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан уг спирт, согтууруулах ундааны зүйлийг хураан авсан тухай тэмдэгдэл үйлдэнэ. Шаардлагатай гэж үзвэл хэвлэл мэдээллийн байгууллагын болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчийг байлцуулж болно.
 7.Хураан авсан тухай тэмдэглэлд холбогдох этгээдийн овог, нэр, гэрийн хаяг, хувийн баримт бичгийн дугаар, тээврийн хэрэгслийн дугаар, марк, үйлдвэр, дэлгүүр, баар, цэнгээний газрын байршил нэр, хэзээ, хаана, ямар үндэслэлээр, хэний авч явсан буюу эзэмшилд байсан спирт, согтууруулах ундааг хураан авсан, уг зүйлийн хэмжээ, чанар, зориулалт, өнгө, үнэ, улсын хилээр оруулсан буюу үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх явцад үйлдсэн гэрээ, хэлцэл, зөвшөөрөл, шинжилгээний бичиг, гаалийн мэдүүлэг, орлого, зарлагын баримт болон дагалдах бусад баримт бичгийн тухай дэлгэрэнгүй тусган хураах тухай тэмдэглэл хийхэд биеэр байлцсан хүн бүрийн овог, нэр, албан тушаал зэргийг тодорхой бичиж гарын үсэг зуруулна.
 8.Спирт, согтууруулах ундааны зүйлийг хураан авсан албан тушаалтан нь түүний бүрэн бүтэн байдлыг биечлэн хариуцна.
 9.Спирт, согтууруулах ундааны зүйлийг үнэлэхдээ тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үнийн комиссоос тогтоосон жишгийг баримтална.

Гурав.Хураагдсан спирт, согтууруулах
ундааны зүйлийг устгах

 10.Спирт, согтууруулах ундааны зүйлийг хураан авснаас хойш эрүүгийн хэрэгт 21 хүртэл хоног, захиргааны зөрчилд 3 хоногийн дотор уг зүйлийг устгах тухай эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч  тогтоол, захиргааны зөрчлийг ирүүлсэн эрх бүхий албан тушаалтан акт гаргана.
 11.Спирт, согтууруулах ундааны зүйлийг устгах тухай тогтоол, акт гарснаас хойш 24 цагийн дотор эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, захиргааны зөрчлийг илрүүлсэн  эрх бүхий албан тушаалтан нь хил, гааль, эрүүл ахуй, халдвар судлалын улсын байцаагч, прокурор, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн байгууллагын ажилтан (эдгээрээс байгааг нь оролцуулна) хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас тогтоосон цэгт болон бохир ус зайлуулах шугамд асгах, шатаах зэрэг аргаар устгаж тэмдэглэл хөтөлнө. Спирт, согтууруулах ундааг устгах ажиллагаанд хэвлэл мэдээллийн төлөөлөгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн идэвхтэн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчийг аль болох байлцуулбал зохино.
 12.Устгах тухай тэмдэглэлд хэзээ, хаана, ямар үндэслэлээр спирт, согтууруулах ундааг ямар албан тушаалтан анх хураан авсан, улмаар түүнийг устгах болсон шалтгаан, устгах тухай ямар албан тушаалтан, ямар шийдвэр гаргасан, шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, уг зүйлийн хэмжээ, чанар, зориулалт, өнгө, үнэ, уг зүйлийг авч яваа буюу түүнийг үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх ажиллагааг эрхэлж буй хүний овог нэр, оршин суух хаяг, хувийн баримт бичгийн дугаар, тээврийн хэрэгслийн дугаар, марк, жолоочийн нэр, үйлдвэр, дэлгүүр, баар, цэнгээний газрын байршил, нэр, улсын хилээр оруулсан буюу үйлдвэрлэх, худалдаалах, үйлчлэх явцад үйлдсэн гэрээ, хэлцэл, зөвшөөрөл, шинжилгээний бичиг, гаалийн мэдүүлэг, орлого, зарлагын баримт зэрэг дагалдах бүх баримт бичгийн тухай дэлгэрэнгүй тусган устгах тухай тэмдэглэл хийхэд биеэр байлцсан хүн нэг бүрийн овог нэр, албан тушаал зэргийг тодорхой бичиж гарын үсэг зуруулна.
 13.Устгах тухай тэмдэглэл гарсны дараа уг спирт, согтууруулах ундааны зүйлийг нэн даруй устгана.
 14.Устгах тухай тэмдэглэлд хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг хэзээ, хаана, яаж устгасан болох, устгах ажиллагааны явц байдал устгах явцад байлцсан хүмүүсээс гаргасан санал, хүсэлт, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай дэлгэрэнгүй тусгана. Энэхүү тэмдэглэлд устгахаар тогтоол гарсан болон акт тавигдсан спирт, согтууруулах ундааны зүйлийн биет байдал, устгах ажиллагааны явцын тухай гэрэл зураг заавал авч, шаардлагатай бол дүрс, дууны бичлэг хийж хавсаргана.
 15.Спирт, согтууруулах ундаа хураалгасан этгээд өөрөө хүсэлт гаргавал спирт, согтууруулах ундааны зүйлийг устгахад байлцуулах буюу уг спирт, согтууруулах ундааны зүйлээс дээж авч болох бөгөөд энэ тухайгаа тэмдэглэлд тусгана. Дээжийг эрүүл ахуй, халдвар судлалын мэргэжлийн хүн авна.
 16.Хураан авснаас хойш гарсан болон устгахтай холбогдсон бүх зардлыг хэрэг, зөрчил үйлдсэн этгээдээс гаргуулна.
 17.Спирт, согтууруулах ундааны зүйлийг хураасан, устгасан тухай тэмдэглэл, устгах тухай тогтоол, акт болон түүнд холбогдох бүх баримтыг хэрэг, зөрчлийн материалд хавсаргана.
 18.Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах буюу шаардлага хангаагүй цэг, байранд спирт, согтууруулах ундааны зүйлийг устгахыг хориглоно.
 19.Эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийн улмаас хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг илрүүлсэн байгууллага уг зүйлийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
 20.Спирт, согтууруулах ундааны зүйлийг хурааж устгасан тухай материалыг захиргааны зөрчилд 10 хоног, эрүүгийн хэрэгт 30 хоногийн дотор харьяа прокурорт заавал хянуулна.


Attachments:
Tushaal-29.121.80.doc
Copy right © 2010 TDB. All rights reserved.
 Бусадтай Хуваалцах  Хэвлэх хувилбар  И-мэйл
Үнэлгээнүүд (0)
Үүнд үнэлгээ өг
Үүнд үнэлгээ өгөхийн тулд одууд дээр дар..
Үнэлгээ оруулахын тулд та нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх | Бүртгүүлэх